Элэг бүтэн монгол хөтөлбөрийн өдөрлөг Төв аймагт зохион байгуулагдаж байна

     Монгол улсын Засгийн газрын 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн яам улсын хэмжээнд лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүийн оролцоотойгоор орон нутгийн хүн амд хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоонд хамруулж газар дээр нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор 21 аймагт өдөрлөг зохион байгуулж өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо Мөнх-Алдарын талбайд зохион байгуулагдаж байна.

     Өдөрлөгийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны удирдлага, газар хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцон, харьяа улсын хэмжээнд лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа 3 дугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Гранд мед эмнэлэг, Эм ханган нийлүүлэх байгууллага, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгийн удирдлага, мэргэжлийн эмчийн баг хамт олон нийт 100 гаран эмч мэргэжилтнүүд оролцож иргэдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ, сургалтыг үнэ төлбөргүйгээр газар дээр нь үзүүлж байна.

       Тус өдөрлөгийн үеэр аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баян-Өнжүүл, Мөнгөнморьт, Баян, Архуст, Дэлгэрхаан, Баянхангай Баяндэлгэр, Баян сумын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин гардуулсан бол 57 багийн эмч нарт иж бүрэн мотоциклын түлхүүрийг гардуулан өглөө. Мөн эрүүлийг хамгаалах салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан 5 хүнийг Засгийн газрын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтанаар, 5 хүний Эрүүл мэндийн яамны Хүндэт жуух бичгээр тус тус шагнасан байна.

    Төв аймгийн хувьд ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016.09.15-ны өдрийн тогтоолоор “Элэг бүтэн Төв аймагчууд хөтөлбөр батлаж 2016 оны 9 дүгээр сараас эхлэн хөтөлбөрийн хүрээнд хамруулахаар төлөвлөсөн 30-с дээш насны 41286 иргэнээс 2016 онд аймгийн хэмжээнд 5000 иргэнийг хамруулах зорилт тавьж үүнээс 4851 /97.02%/ хүнийг В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, В вирус илрээгүй 318 хүнийг В вирусын дархлаажуулалтад, 140 хүнийг С вирусын эмчилгээнд хамруулжээ.

      Мөн 4 дүгээр сараас хойш Зуунмод сумын баг тус бүрт ЭМГ, ЭМНДХ-ээс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн танилцуулга хийж, Баруун Зуунмод өрхийн ЭМТ-тэй хамтран 6 багийн нийт 634 хүнийг В, С вирус илрүүлэх үзлэгт хамруулж, С вирус илэрсэн 87, В вирус илэрсэн 45 хүнийг хяналтад авч, В вирус илрээгүй 589 хүнд сайн дурын В вирусын дархлаажуулалтад хамрагдах зөвлөгөө өгчээ. “Элэг бүтэн Төв аймагчууд” хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор Eleg.mohs.mn программд цахим мэдээлэл оруулах эрх авч, АНЭ, 27 сум, өрхийн ЭМТ-дөө лицензийн дугаараар нь эрх нээн өгч 40-65 насны иргэдийг элэгний В, С илрүүлэх шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд  Төв аймгийн хэмжээнд 40-65 насны 24654 иргэн байдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0