Залуу малчдаа дэмжихийг уриалав

               Төв аймгийн Зуунмод сумын “Монгол туургатан” театрт Малчдын анхдугаар зөвлөлгөөн өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдав. Зуунмод сумын зургаан багийн 200 гаруй малчин зөвлөлгөөнд оролцож, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийллээ.

           Зуунмод сумын засаг дарга Г.Мөнхбадрал хэлэхдээ “Төв аймгийн Зуунмод сумын хэмжээнд 538 малчин мал бүхий өрхийн 70,8 мянган толгой мал тоологдсон нь өмнөх оноос 10 мян толгой малаар өссөн дүнтэй байна.  Нийт хээлтэгч малын 81,8 хувь нь төллөж  26498 төл мал бойжиж байна” гэв.

                    УИХ-ын Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид дээрх зөвлөлгөөнд оролцож, малчдад хандан хэлсэн үгэндээ “Мал аж ахуйн салбарын цаашдын хөгжил, дэвшил малчид, ферм эрхлэгчид бүхний мэдлэг чадвар, хичээл зүтгэлээс ихээхэн шалтгаалах нь ойлгомжтой. Монгол орныг малгүйгээр төсөөлөх аргагүй. Мал сүрэг бол шавхагдашгүй баялаг. Энэ баялгийг бүтээгчид нь малчид, фермер эрхлэгч та бүхэн юм. Мал сүргийнхээ ашиг шимийг нь улам ихээр нэмэгдүүлж, мал аж ахуйн салбарын хөгжлийг орчин цагийн  дэлхийн чиг хандлагад нийцүүлэн ажиллахыг хүсье” хэмээв.

           Зуунмод сумын малчид өөрсдийнхөө өмнө тулгамдаж байгаа асуудлуудын талаар байр сууриа илэрхийлж, цаашид асуудлуудыг шийдэх арга замын талаар ярилцсан бөгөөд залуу малчдаа дэмжихийг албаны хүмүүст уриалсан юм.

                                                                                                                          Т.Есүхэйтөмөр

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0