Элэгний в,с вирустэй 14 мянган иргэн байна

Төв аймгийн хэмжээнд 14 мянган хүн элэгний В, С вирусийн архаг халдвартай амьдарч байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
Төв аймаг “Элэг бүтэн Төв аймагчууд” хөтөлбөрийг өнгөрсөн оны 12-р сараас эхлэн хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд энэ жил 30-аас дээш насны бүх хүмүүсийг үзлэг шинжилгээг үнэгүй төлбөргүй хамруулахаар төлөвлөжээ.
Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа хэлэхдээ: “Үзлэг шинжилгээгээр вирус илэрсэн тохиолдолд хугацаа алдалгүй хяналтад авч эрүүлжүүлэх арга хэмжээг авна. Харин В вирус илрээгүй иргэдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулна” гэв.
Тэрээр цааш нь хэлэхдээ: “Хөтөлбөрийнхөө хүрээнд “Эрүүл мэнд – Ээлтэй орчин” аяныг зарлаж 1000 гаруй иргэдийг элэгний вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, цахим мэдээллийн санг үүсгэнэ” хэмээв.
Өнгөрсөн онд элэгний үзлэг шинжилгээнд нийт 4851 хүн хамрагдсанаас 306 буюу 6.31 хувь нь В вирустэй, 356 хүн буюу 7.52 хувь нь С вирусээр оношлогджээ.
Дашрамд дурдахад, Дэлхийд дээр 520 сая хүн вируст гепатитын халдвартайгаар амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.45 сая хүн элэгний хатуурал, хорт хавдрын өвчнөөр нас барж байна. 2014 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад хийсэн судалгаагаар элэгний В, С вирусийн архаг халдвартай 400 мянган хүн амьдарч байна гэсэн тооцоо гарчээ.

Т.Есүхэйтөмөр

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0